СЭЗИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2013 ОНЫ ТӨГСӨГЧ ДОКТОР З.ОЮУНЦАЦРАЛ

Сургууль маань 2009 оны намар докторын сургалт явуулж эхлэхэд анхны элсэгчээр нь орж байлаа. Докторын зэрэг авна гэж бодохоор хурдхан шиг л ажлаа дуусгах юмсан гэж бодож байсан ч цаг хугацаа маш хурдан өнгөрч 3 жил нүд ирмэх хооронд өнгөрсөн. Сургалтад олон эрдэмтэн, багш нар хичээл зааж байсан нь асуудлыг олон талаас нь харах, учир шалтгаан, үр дагаварыг нь системтэйгээр тодорхойлох, онолын үндэслэлтэйгээр аливаа шийдлийг нь гаргах, академик судалгаа, шинжилгээний чадвар эзэмшихэд нөлөөлсөн. Хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа аль болох олон удаа хэлэлцүүлж, эрдэмтэн багш нараас санал, шүүмжийг нь авч ажилдаа тусгаснаар олон талаас нь харж, ажлаа улам чамбай болгодог юм байна гэдгийг ойлгосон. Судалгааны ажлын сэдвээ манай улсад төдийлөн судлагдаж амжаагүй, олон улсад ч шинэхэн ойлголт байсан засаглалын асуудлаар сонгосон бөгөөд өөрийн нарийн мэргэшсэн салбар болох банкны системд судалгаагаа хийхээр зорьж, “Монголын банкны салбарт хамтын засаглалыг төлөвшүүлэх арга зам” сэдвээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурлуудад ажлаа хэлэлцүүлж, эрдэмтэн багш нарынхаа дэмжлэгтэйгээр 2013 онд удирдахуйн ухааны докторын зэргээ хамгаалсан. Энэ том ажлын цаана бүхэл бүтэн баг ажилласан бөгөөд нэгдүгээрт, гэр бүлийнхэн маань энэ хугацаанд сэтгэл, санааны маш том дэмжлэг үзүүлсэн, хоёрдугаарт, зөвлөх профессорын багийн эрдэмтэн багш нарын дэмжлэг байсан. Гэр бүлийнхэндээ болон эрдмийн ажлын удирдагч багш, гавъяат эдийн засагч Д.Батжаргал (PhD), зөвлөх профессор Д.Гэрэлмаа (PhD), Ц.Батсүх (PhD) багш нартаа талархал илэрхийлье. Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож ажлаа хэлэлцүүлэхэд сургуулийн зүгээс ихээхэн дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан бөгөөд докторын зэргээ хугацаандаа амжилттай хамгаалсан оюутнуудад сургалтын төлбөрийг нь 100% буцаан олгодог бөгөөд энэ нь суралцаж буй оюутнуудад урам, зориг өгөхөөс гадна цаашид судалгааны ажил хийхэд ихээхэн түлхэц болдог.

 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn