СЭЗИС
13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Дүрэм журам

  • СЭЗДС-ийн Номын сангийн дүрэм
  • Уншлагын танхимд мөрдөгдөх журам
  • Гэрээр ном олгох фондод мөрдөгдөх журам
  • Эрдэм шинжилгээний фонд, уншлагын танхимд мөрдөгдөх журам
  • Тогтмол хэвлэлийн фонд, уншлагын танхимд мөрдөгдөх журам
  • Бизнес мэдээллийн фонд, уншлагын танхимд мөрдөгдөх журам
  • Гадаад номын фонд, уншлагын танхимд мөрдөгдөх журам
  • Номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх журам
  • Номын сангийн фондын тооллого хийх журам
  • EBSCO мэдээллийн сан ашиглах журам
  • Ном бүрдүүлэх, ашиглалтаас хасах үйл ажиллагааг зохицуулах журам
  • Номын сангийн фондын номын байрлал, номын ялгагч, хаягжуулалтын зөвлөмж
  • Номын формулярын зөвлөмж
  • Фондын хадгалалт хамгаалтын заавар.
  • Номын сангийн фондын номын байрлал, номын ялгагч, хаягжуулалтын зөвлөмж
  • Номын санд ном, тогтмол хэвлэл, хуурцаг, видео хуурцаг, CD, судалгааны материалыг бүртгэх, фондуудад хуваарилах удирдамж


2012 оны 11 сарын 06 өдрийн
Захирлын 318 тоот тушаалын хавсралт № 1

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. СЭЗДС-ийн номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, номын сангийн талаар эрх бүхий байгууллагын гаргасан дүрэм, журмууд, хууль эрхийн бусад баримт бичиг, удирдамж болон Монгол Улсын Боловсролын тухай хууль, СЭЗДС-ийн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журам зэрэг эрх зүйн холбогдох баримт бичгийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулна.

1.2. Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан номын санг шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж ажиллана.

1.3. Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, мэдээллийн сантай, тохилог орчинд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх орчин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан “ мэдээллийн төв ” болох нь номын сангийн эрхэм зорилго мөн.

1.4. Номын сан нь тус сургуулийн багш, оюутан, ажилтны /цаашид уншигчид гэх/ судалгаа шинжилгээ, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь үйлчилж, холбогдох чиглэлийн ном сурах бичиг, и-ном, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээлэл, онлайн мэдээллийн сан, тогтмол хэвлэлээр хангана.

1.5. Номын сан нь СЭЗДС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм болон холбогдох журмуудтай байна. Номын санд мөрдөгдөх журмууд нь жил бүр сургуулийн зорилго зорилтуудад үндэслэн шинэчлэн өөрчилж сайжруулж байна.

1.6. Номын сангийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал тус бүрээр нь боловсруулсан байх ба зорилго зорилтуудын хүрээнд шинэчилэн боловсруулж сайжруулах бөгөөд номын сангийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

1.7 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмууд, холбогдох удирдамж, зөвлөмжийн дагуу явуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Номын сан нь Сургалт эрхэлсэн дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.

2.2. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж үйлчилгээний өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна.

2.3. Номын сан нь номын сангийн эрхлэгч, арга зүйч, ном зүйч, ахлах номын санч, каталогич, програмист, ном бүрдүүлэгч - ном ажиллагч, ном сэлбэн засагч, фондын номын санч, уншлагын номын санч, мэдээллийн ажилтан-номын санч гэсэн орон тоо бүхий албан тушаалтантай байна. Эдгээрийн нийтлэг нэршил нь номын сангийн ажилтан гэнэ.

2.4. Ном хэвлэлийн бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана.

2.5. Номын сан нь фондын бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд “Ном бүрдүүлэх” комиссыг зохион байгуулж, комиссын шийдвэрийн дагуу ном бүрдүүлэлт хийнэ.

2.6. Номын санд мөрдөж буй хууль эрх зүйн актыг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг худалдах, солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг фондоос хасч фондын эргэлтийг сайжруулна.

2.7. Номын сан нь тамга тэмдэгтэй байна.

2.8. Номын сан нь номын санчдад мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, номын сангийн холбогдолтой аргачлал, заавар, зөвлөмж боловсруулж бэлтгэх, сургалт, семинар зохион байгуулж номын санчдын мэргэжил боловсролыг дээшлүүлнэ.

2.9. Номын сан нь уншигчдад номын сангийн үйл ажиллагаа, номзүйн лавлагаа мэдээлэл, онлайн мэдээллийн сангуудын танилцуулга болон сургалт сурталчилгаа явуулна.

2.10. Номын сан нь олон улсын болон дотоодын номын сангууд, номын сангуудын холбоо, консорциумд гишүүнээр элсэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамтарч ажиллах, төсөлд оролцох, харилцан туршлага солилцон ажиллана.

2.11. Номын сан нь үйлчилгээгээ сургуулийн захиргаанаас баталсан цагийн хуваарийн дагуу явуулна.

2.12. Номын сан нь уншигчдад зориулж төрөл бүрийн номын үзэсгэлэн, номын сан, зохиолч, зохиогч нийтлэгчидтэй танилцах-уулзалт, ярилцлага номын хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг мэдээллийн ажлуудыг тогтмол явуулж байна.

2.13. Уншигчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнг хэлэлцэж үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

2.14. Санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн үүднээс хэвлэх, олшруулах, ном зүйн лавлагаа өгөх, ном солилцох, мэдээллийн сан ашиглах эрх нээлгэх , уншигчийн үнэмлэх нээлгэх зэрэг төлбөртэй үйлчилгээтэй байна.

Гурав. Номын сангийн эрхлэгчийн эрх, үүрэг

3.1. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
3.2. Номын сангийн эрхлэгчийн үүрэг:
3.2.1. Номын сангийн дүрэм болон дотоод журмыг боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах;

3.2.2. Номын сангийн үйл ажиллагааны үр дүнг сургалт эрхэлсэн дэд захирлын өмнө тайлагнах;

3.2.3. Номын санг олон улсын стандартад нийцэхүйц түвшинд хүргэх бодлого боловсруулж ажиллах;

3.2.4. Сургуулийн стратеги болон тухайн хичээлийн жилийн сургуулийн төлөвлөгөөнд үндэслэн номын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллах;

3.2.5. Номын бүртгэл ангилал, тайлан тооцоо, хөтлөлтийг зохих түвшинд зохион байгуулах, хянах;

3.2.6. Номын санчдын хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хяналт тавих;


3.3. Номын сангийн эрхлэгчийн эрх:
3.3.1. Сургуулийн захиргаанд номын сангийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар санал боловсруулах, шийдвэрлүүлэх;

3.3.2. Номын санч ажилд авах, ажилтны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах, Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын арга хэмжээ авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг асуудлаар өөрийн үнэлэлт дүгнэлтээ Захиргаа, хүний нөөцийн албанд хүргүүлж, асуудлыг шийдвэрлэхэд оролцох;

3.3.3. Номын сангийн үйл ажиллагааны талаар гарсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэнхим, багш, оюутан, бусад нэгжүүдтэй хамтран ажиллах;

3.3.4. Гадаад болон дотоодын номын сангуудын холбоо, консорциумд гишүүнээр элсэх, хамтран ажиллах гэрээ байгуулах, төсөлд оролцох, харилцан туршлага солилцох , сургалт зохион байгуулах;


Дөрөв. Номын сангийн ажилтны эрх, үүрэг

4.1. Номын сангийн ажилтны үүрэг:
4.1.1. Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх;

4.1.2. Уншигчдад хүссэн үйлчилгээг үзүүлэх, харилцааны соёлыг эрхэмлэх;

4.1.3. Номыг ангилах, номын сангийн програмд номын мэдээллийг зөв оруулах, картын сан зохион байгуулах, номын сангийн бүртгэл тооцоо хөтлөх,

4.1.4. Номын фондын хадгалалт, хамгаалалтыг зохих журам, заавар зөвлөмжийн дагуу хийж ажиллах;

4.1.5. Уншигчдад төрөл бүрийн номын үзэсгэлэн гаргах, мэдээллийн танилцуулга хийх , лавлагаа, ном зүйн мэдээллийн үйлчилгээг байнга үзүүлэх;

4.1.6. Номын сан болон сургуулийн зохион байгуулж буй соёл олон нийтийн, нийгмийн тустай ажилд идэвхитэй оролцох;

4.1.7. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын хариуцлагыг хүлээх буюу хариуцсан эд хөрөнгө, фонд ном хэвлэлийг зохих ёсоор арчлан хамгаалах, дутагдал гарсан бол төлбөрийг хариуцах;


4.2. Номын сангийн ажилтны эрх:
4.2.1. Номын сан болон өөрийн ажил үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;

4.2.2. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс авч ажиллах

4.2.3. Сургуулийн дүрэм журамд заасны дагуу уншигчдад шаардлага тавих, хариуцлага хүлээлгэх;

4.2.4. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн сургалтанд хамрагдахын тулд шаардлагатай санхүүгийн дэмжлэг хүсэх;


Тав. Уншигчийн эрх үүрэг

5.1. Уншигчийн үүрэг:
5.1.1. Тус сургуулийн уншигч нь Номын сангийн дүрэм, журмуудыг чандлан баримтлан, баталсан цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх;

5.1.2. Уншигчийн үнэмлэх журмын дагуу нээлгэж үйлчлүүлэх;

5.1.3. Уншигчийн үнэмлэхээ бусдад дамжуулахгүй байх;

5.1.4. Номын сангийн цаасан болон электрон каталоги ашиглан номын сангийн фондын талаар бүрэн мэдээлэл авч үйлчилгээ авах;

5.1.5. Ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвийн бус байдлаар ашиглах, тэмдэглэгээ хийх, нугалах, дундаас нь хуудас урах, өгөх ёстой хугацаанаас нь хэтрүүлэх зэрэг зүй бус үйлдэл хийхгүй байх;

5.1.6. Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг бичиг баримтаа цаг тухайд нь буцаан авч, өөрийн бичиг баримтыг хариуцлагатай хадгалах, хандах;

5.1.7. Ном, сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүнийг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж, номын санг хохиролгүй болгох;

5.1.8. Онлайн мэдээллийн сан ашиглах журмын дагуу эрх авч ашиглах;


5.2. Уншигчийн эрх:
5.2.1. Уншигч нь тохитой орчинд, цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчлүүлэх;

5.2.2. Номын сангийн фондоос ном, сурах бичиг, онлайн мэдээллийн сан ашиглах, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллийг заасан хугацаагаар авч ашиглах, лавлагаа ном зүйн мэдээллийн үйлчилгээ авах;

5.2.3. Номын сангаас зохион байгуулж буй соёл олон нийтийн арга хэмжээнд оролцох, идэвхтэн уншигчаар сонгогдох;

5.2.4. Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх, үнэлгээ өгөх;


Зургаа. Номын сангийн ном, сурах бичиг, хэвлэлийг нөхөн төлүүлэх

6.1. Номын сан нь ном, сурах бичиг, хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол Улсын БСШУЯ-ны Сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”, СЭЗДС-ийн 2011 оны 03-р сарын 11-ний өдрийн 070 тоот тушаалын хавсралт “СЭЗДС-ийн ном бүрдүүлэх, ашиглалтаас хасах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг тус тус мөрдөнө.

6.2. Уншигч нь үрэгдүүлсэн, гэмтээсэн ном хэвлэлийг нөхөн төлж, номын санг хохиролгүй болгоно.

6.3. Ном хэвлэлийг нөхөн төлүүлэхэд номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4. Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн, үүнд:
  • Ном хэвлэлийн 5-аас дээш хуудсыг урсан, гэмтээсэн
  • Хавтас нь бүрэн салж, ашиглах боломжгүй болсон
  • Номын хуудас дээр зурсан, тэмдэглэсэн
  • Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
  • CD, аудио, видео, хуурцаг, хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгүй болгож гэмтээсэн бол ижил хувь /зохиогч, хэвлэсэн он тохирч байх/ эсвэл дараа онуудад шинэчлэгдэн хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.

6.5. Номын ижил хувь олдоогүй, хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай байгаа номын жагсаалтыг үндэслэж 1 номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно. Номын нөхөн төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр номын сангаас шинэчлэн гаргана.

6.6. Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэг стандарт шаардлага хангаагүй CD, аудио, видео, хуурцаг, хэвлэмэл материалыг нөхөн төлбөрт авахгүй.

6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн бол уг хэвлэлийг тухайн дугаараар нь нөхөн төлнө.

6.8. Номын санч нь хариуцсан фондын номын тооллогоор өр дутагдал гарсан бол номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын яг ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, чанарыг харгалзан түүнтэй дүйцэхүйц нэг ширхэг номоор өр дутагдлыг төлнө.

6.9. Номын санч нь номын тооллогоор гарсан номын өр дутагдлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахдаа уг гарсан нийт номын үнийн дүнгийн 15%-ийг эрсдэлд тооцож, төлбөрөөс хасч тооцно.

6.10. Уншигч нь ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүн үрэгдүүлсэн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах бол уг ном сурах бичиг хэвлэлийн бүтээлдэхүүний үндсэн үнийг арав дахин өсгөсөн дүнтэй тэнцэх үнийг төлнө.

Долоо. Номын сангийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа ба хариуцлага

7.1. Уншигч нь номын сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар тухайлбал оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, уншигчийн үнэмлэх үрэгдүүлсэн талаарх гомдлын шаардлагыг асуудал үүссэн мөчөөс эхлэн 21 хоногийн дотор шийдвэрлүүлнэ.

7.2. Уншигч нь ном, сурах бичиг, хэвлэлийг буцааж өгөх хугацаа хэтрүүлэх , номын сангийн эд хөрөнгөтэй зүй бусаар харьцах зэрэг зүй бус үйлдэл гаргавал хариуцлага хүлээлгэж номын сан болон сургуулийн орчинд хичээлийн байранд ажиллаж алдаагаа засна.

7.3. Номын санч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж уншигчийн иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх,уншигчийн үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна.