| |
|
|
Эрдэм Шинжилгээ Судалгаа, Докторантурын Алба
Эрдэм шинжилгээ судалгаа, Докторантурын албаны веб: www.ife.edu.mn/Ph.D/
Товч танилцуулга
1991 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг Эдийн Засгийн Колледж болгон өөрчлөн зохион байгуулах үед Эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Ж.Батхуягийг томилон ажиллуулж эхлэв. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь орчин цагийн бизнес сургуулийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр бэлтгэх, багш нартаа шинэ мэдлэг олгох, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, зах зээлийн эдийн засгийн чиглэлээр ном сурах бичгийг орчуулах, багш нарын заах аргыг шинэчлэх, сургалтын материал бэлтгэх, гадны зөвлөхүүдийг урьж сургалт, зөвлөгөө авах зэргээр ажиллаж байв. Энэ үед Америк, Канадаас зөвлөхүүд ирж ажиллаж байсныг тухайлан дурьдвал Харвардын Их Сургууль, VSO, Peace Corps зэрэг байгууллагуудаас эдийн засгийн онол, англи хэл, бизнес, санхүүгийн удирдлагын чиглэлээр багш нарыг урьж ажиллуулах ажлыг зохион байгуулж байжээ. 1995 онд Зөвлөгөө Өгөх Төв байгуулан эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ж.Батхуягийг захирлаар ажиллуулав.
1996 онд Эдийн Засгийн Колледжийг СЭЗДС болгон өөрчлөн зохион байгуулах үед СЭЗДС-ийн захирлын 1996 оны 10 сарын 3-ны 129 тоот тушаалаар Эрдэм Шинжилгээ, Судалгааны ажил эрхэлсэн дэд захирлаар Шинжлэх Ухааны Доктор Ц.Даваадоржийг томилон ажиллуулж эхлэв. Эрдэм шинжилгээ судалгаа эрхэлсэн дэд захирал СЭЗДС-ийн эрдмийн ажлыг удирдан чиглүүлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, "Монголын эдийн засаг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш" сэтгүүл эрхлэн гаргаж багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээл болгох зэргээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллав. Тухайн үеэс СЭЗДС-ийн багш нар мэргэжлийн чиглэлүүдээрээ шинэ ном, сурах бичиг, гарын авлага ихээр туурвиж оюутан суралцагчид, мэргэжилтнүүдийн мэдлэгт хувь нэмрээ оруулахад анхаарч ажиллаж эхлэв.
1998 оноос сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулах, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ судалгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хариуцсан төв байгуулсан бөгөөд эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Цэн.Даваадорж төвийг 2000 он хүртэл удирдан ажиллаж байлаа.
2006 оноос Эрдэм Шинжилгээ Судалгааны Алба, Сургалтын Албыг нэгтгэн Сургалт, Эрдэм Шинжилгээ, Судалгааны Алба болгон нэгтгэж сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар доктор Д.Гэрэлмааг томилов.
СЭЗДС-ийн Эрхэм зорилго, зорилтууд, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэйгээр татан оролцуулах, эрдмийн зэрэг цолтой багш нарын тоог нэмэгдүүлэх зорилгоор СЭЗДС-ийн захирлын 2009 оны 5 сарын 6-ны өдрийн 85 тоот тушаалаар СЭЗДС-ийн Докторын хөтөлбөрийг байгуулав. Хөтөлбөрийн эрхлэгчээр доктор С.Түвшинзаяаг томилов.
Эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын албыг СЭЗДС-ийн захирлын 2009 оны 10-р сарын 8-ны өдрийн тушаалаар байгуулан ажиллуулж эхэлсэн. Эрдэм Шинжилгээ Судалгаа Докторантурын асуудал эрхэлсэн дэд захирлаар доктор С.Түвшинзаяаг томилон ажиллуулж эхлэв.
Албаны чиг үүрэг
Эрдэм Шинжилгээ Судалгаа Докторантурын Алба нь сургуулийн эрхэм зорилго, зорилтод нийцүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн бодлого боловсруулж, чиглэлийг тодорхойлон хөгжүүлэх, эрдмийн хамт олны эрдэм шинжилгээ судалгааны ажлын онол арга зүйн түвшин, үр дүнг дээшлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Энэ хүрээнд тус алба нь дараах үүргүүдийг гүйцэтгэж байна. Үүнд:
СЭЗДС-ийн багш, судлаач, оюутнуудын эрдмийн ажлыг ерөнхий удирдлагаар хангах цөм болсон Эрдмийн зөвлөлөөрөө тус сургуулийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг хэлэлцүүлэн тогтоож, багш судлаачдын эрдмийн ажлуудыг хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулан зөвлөмж авах;
Мэргэжлийн тэнхим, сургалтын хөтөлбөрүүд, доктор, профессор багш, судлаач нарын оролцоотойгоор багш, ажилтан, оюутан, суралцагчдыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, сургалт судалгааны ажлыг хослуулан явуулах боломжит нөхцлөөр хангах, тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх;
Багш, оюутан суралцагчдын Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бүтээлийг хэвлэн нийтлэх, сурталчлах;
Докторантурын сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын өвөрмөц арга барил, арга зүйн бодлогыг тодорхойлох, боловсруулах, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх, сургалтыг стандарт, журмын дагуу, суралцагчдын эрэлт хэрэгцээг хангахуйцаар зохион байгуулах, багш сурган хүмүүжүүлэгч, сургалтын материаллаг бааз, оюутан суралцагсад хоорондын зохицуулалтыг удирдлагаар хангах;
Зөвлөгөө Өгөх Төвөөрөө дамжуулан бизнесийн орчинд зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулах зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна.
Зорилго, зорилт
Багш судлаачид, оюутан суралцагчдыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, сургалт судалгааны ажлыг хослуулан явуулах нөхцөлийг бүрдүүлэх
|
|
|

Татах холбоос


|
|
|