| |
|
|
Мэдээллийн системийн менежментийн тэнхим
 |
|
Мэдээллийн технологийн хөгжил дэвшил, бизнесийн орчны эрэлт, шаардлагад тулгуурлан сургалт, судалгааны үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, бүх салбарын байгууллагуудад үр ашигтай, найдвартай мэдээллийн системийг хөгжүүлэн, бизнесийг амжилттай удирдаж, хөтлөхөд туслах чадвартай, бизнесийн ба мэдээллийн технологийн онол, практикийн өргөн мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. |
Тэнхимийн товч түүх
Анх 1964 онд 8 ширхэг тооцоолох машинтай "Механикжсан цахилгаан тооцооны хичээлийн кабинет" байгуулагдсанаар одоогийн Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхимийн суурь тавигджээ. Түүнээс хойш 1999 он хүртэл "Ерөнхий эрдмийн тэнхим", "Математик, Мэдээлэл зүйн тэнхим"-ийн бүрэлдэхүүнд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
2000 онд 5 багшийн бүрэлдэхүүнтэй "Мэдээллийн Технологийн Тэнхим" нэртэй бие даасан тэнхим болон зохион байгуулагдаж, бүх мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудад "Компъютерын үндэс ба хэрэглээ", "Мэдээллийн системийн үндэс" хичээлүүдийг заадаг болжээ.
Тус тэнхимийн багш нар оюутнуудад төдийгүй, монголын нийт персональ компьютер хэрэглэгчдэд зориулан анхны гарын авлагууд, бестселлэр болсон өөрөө сурах бичгүүдийг бичиж, олны хүртээл болгосон билээ.
2005 онд "Мэдээллийн Системийн Менежмент"-ээр мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг (Бизнесийн Удирдлагын ба Мэдээллийн Системийн мэргэжлүүдийг нэгтгэсэн хөтөлбөр) эхлүүлсэн бөгөөд одоогоор 6 удаагийн элсэлт авч 3 удаагийн төгсөлтөөрөө 29 мэргэжилтэнг төгсгөөд байна.
СЭЗДС-ийн Захирлын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 021 тоот тушаалаар Мэдээллийн Технологийн Тэнхимийн нэрийг Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхим болгон өөрчлөн нэрлэж, сургуулийн мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт, хөгжил, хэвийн үйл ажиллагааны талаар сар бүр албан ёсны зөвлөмж гарган нийтэд таниулж байхаар чиг үүргийг нь нэмэгдүүлжээ.
Мэдээллийн Системийн Менежментийн хөтөлбөр, мэргэжлийн онцлог
Өнөөдөр компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн системийн мэргэжилтэй хүмүүс зах зээл дээр хамгийн их эрэлттэй байгаа бөгөөд мэдлэг, мэдээллийн эрин зуунд, сүлжээгээр холбогдон бизнесийн ажил хэргийг явуулдаг болсон өнөө үед эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдсээр байх төлөвтэй байна. СЭЗДС-ийн Мэдээллийн Технологийн Тэнхим дотоод гадаадын зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа "Мэдээллийн системийн удирдлага" мэргэжлийг санал болгодог.
Аливаа бизнесийн хувьд хүний нөөцийнх нь дараа ордог үнэт зүйлс бол Мэдээлэл ба Цаг хугацаа хоёр байдаг. Хэрэгтэй хүнийг нь хэрэгтэй цагт нь хэрэгтэй мэдээллээр нь хангадаг тийм мэдээллийн системгүйгээр байгууллага өнөөдөр амжилттай ажиллаж, оршин тогтнож чадахгүй. Байгууллага зөвхөн тийм системтэй байгаад хангалтгүй, түүнийг ухаалаг, "хэрэглэгчдэд түшиглэсэн" системийн шинжээчид байгуулж, хөгжүүлэх шаардлагатай байдаг. Чухам тийм мэдлэг, чадварыг оюутнууд "Мэдээллийн системийн удирдлага" мэргэжлээр эзэмшинэ.
Мэдээллийн Системийн Менежментийн мэргэжлээр суралцах хугацаандаа оюутнууд байгууллага болон удирдлагыг ерөнхийд нь дэмжих янз бүрийн технологиудын хэрэглээг судалж, үйлдвэрлэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны бүх салбарын олон төрлийн ажил хэргийг хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай хөтлөн явуулахад нь удирдлагад туслах мэдээллийг бэлэн байлгахад тэдгээр технологиуд хэрхэн нөлөөлдгийг судална. Улмаар оюутнууд орчин үеийн бизнесийн байгууллагын мэдээллийн системийн ерөнхий удирдлага, төлөвлөлт, системийн шинжилгээ ба зохиомж, хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, мэдээллийн технологийн хэрэглээгээр мэргэшсэн хүмүүс болж төгсөнө.
Энэ хөтөлбөр нь оюутнуудад бизнесийн болон мэдээллийн системийн онцгой, үндсэн, цогц мэдлэг, чадваруудыг эзэмшүүлж, ажлын байран дээр өрсөлдөх үед бусдаас ялгарах давуу байдлыг олгоход чиглэсэн хөтөлбөр юм. Бизнесийн удирдлагын болон мэдээллийн технологи, мэдээллийн системийн мэргэжлийн хөтөлбөрүүдээс маш нарийн шалгуураар сонгож авсан хичээлүүдээс бүрдсэн сургалтын хөтөлбөр нь энэ боломжийг олгох юм.
Хөтөлбөрийн давуу тал:
- Бизнесийн ба Мэдээллийн Системийн мэргэжлийн хичээлүүдийг нэгтгэсэн учир хөрвөх чадвартай, маш уян хатан мэргэжил эзэмшинэ.
- 2-р дамжааг төгсөөд Өмнөд Солонгосын Handong-ийн Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр рүү шилжин суралцаж, СЭЗДС ба Handong-ийн Их сургуулийн бакалаврын диплом авна.
- Энэхүү 2+2 хөтөлбөр нь өндөр хөгжилтэй орны их дээд сургуулийн дараагийн шатны сургалтанд хамрагдах боломжийг нээж өгнө.
- Хамгийн орчин үеийн мэдээлэл, холбооны техник хэрэгсэл, аргуудыг эзэмшиж, ашиглаж сурна.
- Бизнесийн байгууллагуудын МС-ийн төслүүдэд ажиллаж, орлого олох боломжтой.
- Суралцаж байх хугацаандаа ажлын байртай болох боломж өндөр
- Энэ бол хамгийн уян хатан, хөврөх чадвартай компьютерын чиглэлийн мэргэжил учраас төсгөгч өөрийн сонирхож буй дурын салбарт ажиллах боломжтой.
- Хэрэв хүсвэл техникийн ба техникийн бус (бизнесийн) аль аль нь руу дагнах боломжтой.
- Ямар салбарт мэргэшихээ шийдэхээс өмнө та мэдээллийн технологийн маш өргөн чиглэлүүдэд ажиллаж үзэх боломжтой.
|
|
|

МЭДЭЭ

|
|
|